Бидний тухай

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ЭНЭРЭЛ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрдэнэбулган сумын Энэрэл хүүхдийн цэцэрлэг нь  анх 1959 онд  атар газар эзэмших хөдөлгөөн үүсэн хөгжсөн тэр үетэй зэрэгцэн 1 бүлэг, 1 багш 1 асрагч, 1 тогооч, 1 морин тэрэгчийн орон тоотойгоор байгуулагдаж байсан түүхтэй. Анхны эрхлэгчээр Я.Бадамсэд ажиллаж байв. 1960 онд 50 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн шинэ барилга баригдаж, мэргэжлийн багштайгаар үйл ажиллагаа явагдаж, 1986 онд Эг-Үүрийн САА-н хөрөнгөөр 1 бүлгийн өргөтгөл баригдаж, 75 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай болж, 9 хүний бүрэлдэхүүнээр ажиллаж байжээ. Монгол Улсын боловсролын системийн шинэчлэл, СӨБ-ын хөгжил дэвшилд нээлттэй замыг бий болгож,  сургалтын хөтөлбөр, стандарт, бие даасан хууль боловсруулагдаж, мөрдөгдөж ирсэн энэхүү өнгөрсөн хугацаанд буюу 2009 онд  нэг бүлгийг шинээр нэмж, 100 хүүхдийн, 2013 онд дахин нэг бүлгээр 120 хүүхдийн, 2015 онд 150 хүүхдийн, 2016 онд 175 хүүхдийн  цэцэрлэг болж өргөжин тэлсээр байна. 1992 онд тус суманд ажиллаж байсан хүүхдийн яслитай нэгдэж ажиллаж байсан ба 1995 он хүртэл уг хамт олныг А.Ширмэн, Доржпалам, Б.Цэрэндолгор, С.Долгор, Ичинхорол, О.Онин, Оюунчимэг, Х.Цэрэндулам, Ц.Доржханд, У.Бямбаа, Дагзмаа, Л.Баянжаргал, С.Отгонжаргал, Б.Мянганбаяр нарын  эрхлэгч нар удирдаж байжээ.
 Өнөөдөр тус байгууллага нь сургалтын 2 байртай, 7 бүлэгт 200 гаруй хүүхдийг хүлээн авч, 30 багш ажиллагсадтайгаар СӨБ олгох үйлчилгээг удирдан явуулж байна. Мэргэжлийн багш болон туслах багшаар 100% хангагдсан ба СӨБ-ын үндсэн болон хувилбарт сургалтын ажлыг жилийн туршид зохион байгуулж, хамран сургах тойргийн хүүхдийг 100% хамруулан сургаж байна.
Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар нэмэгдүүлж, эцэг эхийн оролцоотойгоор тоглоом наадгайгаар хангагдах, ардын уламжлалт тоглоом, наадмыг хөгжүүлэх, багш нарын бүтээлч хандлага, өөрсдийн нөөц болоцоогоор цэцэрлэгийн гадна дотно орчныг тохижуулах зэргээр төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаагаас гадна багшлах боловсон хүчнийг давтан сургах, ажлын байран дээрээ хөгжих боломж бололцоогоор хангахад ихээхэн ач холбогдол өгч, ажлын байрыг нэмэгдүүлэх, хамт олныг төлөвшүүлэн хөгжүүлэхэд тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсаар байна.
2009 онд цэцэрлэг байгуулагдсаны 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ба уг ойн хүрээнд байгууллагынхаа түүхийн ном, сүлд дууг бүтээж, бэлэгдэл /лого/, туг зэргийг бий болгож чадсан билээ.
Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхэд нэг бүрийг судлан хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлж, бүлэг бүрийг номын сантай болгох, тоглоомжуулах, багш бүрийг компьютержүүлэх, интернэт үйлчилгээ буюу цахим хичээлийг нэвтрүүлэх, эцэг эхийн оролцооны чанарыг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Уг ажлын үр дүнд багш нарын хэрэглээнд иж бүрэн 4 компьютер, проектор, канон, принтер зэрэгтэй болсон ба “Ном” хөтөлбөрийн хүрээнд 3,5 сая төгрөгийн өртөг бүхий номын фондтой болсон байна.
Бид  2015 онд 100 хүүхдийн хичээлийн шинэ байрыг /923.000.000 төгрөгийн өртөг бүхий/ ашиглалтанд хүлээн авсан ба эд хогшил, гал тогооны тоног төхөөрөмж, тоглоом наадгайн иж бүрэн шинэчлэлийг хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар манай сум СӨН-ны буюу 2-5 насны  327 хүүхэдтэй ба үүний 205 хүүхэд нь /62,6%/ цэцэрлэгийн үндсэн сургалтанд, 122 /37,3%/ хүүхэд нь хувилбарт сургалтанд хамрагдаж байна. Мөн эрхлэгч-1, арга зүйч-1, багш-8, туслах багш-7, эмч-1, нярав-1, тогооч-3, угаагч-1, үйлчлэгч-3, жижүүр-1,  галч хамгаалагч-4, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллаж байна.
Манай цэцэрлэг нь 2008 оноос “Энэрэл” нэртэйгээр ажиллаж эхэлсэн ба №1770001046 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй,  сургалтын 2 байр, талбайн тоглоом, бусад агуулахын зориулалтын  4 объект бүхий 8683м2 газартай,  галлагааны 11 аманд жилд 320м3 түлээ бэлтгэн хэрэглэдэг байгууллага юм.
 Зуны нүүдлийн гэр цэцэрлэгийг хөдөөгийн 4 багт зэрэг ажиллуулдаг ба Чичин, Зэрлэг, Удган багуудад байшин цэцэрлэгтэй, 2015 онд Бөөрөлж баг дээр шинээр цэцэрлэгийн байр баригдаж, ашиглалтанд орсон.
Боловсон хүчний хувьд жил ирэх тутам нэмэгдэж, 1995 онд 11, 2001 онд 7, 2003 онд 9, 2005 онд 11, 2007 онд 13, 2009 онд 16, 2012 онд 18, 2013 онд 21, 2015 онд 27, 2016 онд 30 хүний орон тоотой болж, мэргэжлийн боловсон хүчний хангалт 100  хувь болжээ. Төрөөс бага насны хүүхдийн талаар баримтлах бодлого, СӨБ-ын тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүд  боловсруулагдан мөрдөгдөж,  үүний үр дүнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр багшлах боловсон хүчин, үйлчилгээний ажилчдын тоо нэмэгдэж, өргөжин тэлсээр байна.
“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд амжилттай ажиллаж, “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” болсон манай байгууллага хөдөөгийн 4 багтаа байшин цэцэрлэгтэй, хамран сургах тойргийн СӨНХ-ийг 100% үндсэн болон нүүдлийн цэцэрлэгт хамруулан сургаж, эцэг эхийн дэмжлэг, төсвийн зөв бодлогын хүрээнд олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай  зохион байгуулж, цэцэрлэг сурталчлах ажлыг орон нутаг, улс, дэлхийн хэмжээнд  амжилттай хийж ажиллалаа.
Эдгээр ажлуудын үр дүнд:
·         Хүүхэд бүрт хүрч үйлчилж чадсан.
·         Усан хангамж, цэвэр усны асуудал, хог хаягдал, галаас урьдчилан сэргийлэх, осол аюулгүй ажиллагааны асуудлуудыг бүрэн шийдвэрлэсэн
·         Ажилтай, орлоготой хүний тоог нэмэгдүүлсэн
·         Эцэг эх, олон нийтийн дунд ажил үйлчилгээгээрээ манлайлах түвшинд хүрсэн
·         “Сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах журам”, “Хүүхдийн цэцэрлэгийн хөгжлийн хөтөлбөр-2021” хөтөлбөр, “Галч хамгаалагчийн ажиллах журам”, “Цэцэрлэгийн багш, ажилтны ёс зүйн дүрэм” зэрэг томоохон баримт бичгүүдийг боловсруулан, сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулан мөрдөж ажиллаж байна.
·         Баг бүрийн ИНХ-д жилд 2 удаа оролцож, тайлагнах, мэдээлэл хийх зэргээр иргэн бүрт хүрч, үйл ажиллагаагаа сурталчлан ажилласан байна.
Үүнээс  гадна манай цэцэрлэг нь үзэсгэлэнт Эгийн голын хөвөөн дээр оршдог ба орчин үеийн хийц бүхий 2 давхар барилга сүндэрлүүлж, дэргэдээ “Үлгэрийн өргөө”-тэй, техник технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангагдсан, аймгийн “Тэргүүний цэцэрлэг”,  ”Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”,  “Эрүүл мэндийг дэмжигч-I” цэцэрлэг болсон ба Улсын тэргүүний цэцэрлэг болох зорилгыг хангахаар ажиллаж байна.








ТАНИЛЦУУЛГЫГ БЭЛТГЭСЭН:

ЭРХЛЭГЧ                             О.НАНЖИД

Comments

Popular Posts